GSMI
Нийтлэл

СТРАТЕГИЧ СЭТГЭЛГЭЭГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Ихэнх компанийн захирлууд стратегийн төлөвлөгөөг хэрхэн хийх, яаж боловсруулах талаар их асуудаг. Судалгаагаар авч үзэхэд 100 компани тутмын 10 компани нь стратегийн төлөвлөгөөтэй 90 орчин хувь нь стратегийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Стратеги төлөвлөлт, стратегич сэтгэлгээгээ хөгжүүлэхгүйгээр амжилтанд хүрэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс стратегич сэтгэлгээг хөгжүүлэх нь чухал юм. Сүүлийн үед Стратегийн удирдлагын салбарт стратегийн төлөвлөгөөг бичихээс өмнө стратегич сэтгэлгээг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс бид сургалтууддаа стратеги төлөвлөгөөг заахаас өмнө стратегич сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн сэдвийг нэмж заадаг болсон. Тэгэхээр "Стратегич сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ?" гэхээр гол асуултуудыг компанийн захирал, удирдагч хүн эхлээд өөрөөсөө мөн гол гол түлхүүр ажилчдаасаа асуух шаардлагатай байдаг. Үүнд:

Бид ямар бизнест хүчээ сорих вэ буюу ямар зах зээлд ажиллах вэ? Ямар зах зээл ойрын болон холын ирээдүйд илүү ирээдүйтэй харагдаж байна вэ? Бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх, шинээр зах зээлд нэвтэрч орох, шинэ салбарт хүчээ сорих явдал бол компанийн хувьд сайхан мэдээ байдаг. Нөгөө талаар компанийн захирал хүний гаргах шийдвэрийн 1 бол ямар бизнесээ хаах вэ?, ямар салбараас гарах вэ? гэсэн асуудал байдаг. Энэ асуудлаа цаг тухай бүрд шийдээгүйгээс болж олон компаниуд алдагдалтай ажиллаж эхэлдэг. Компаниуд ямар бизнес шинээр эхлэх вэ?, ямар салбарт хүчээ сорих вэ? гэдгийг шийдэхийн тулд салбарын шинжилгээ буюу багцын шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Багцын шинжилгээг ялангуяа групп компаниуд дээр хийвэл илүү тохиромжтой байдаг.

a. Тодорхой нэг бизнес саалийн үнээ буюу тогтмол орлого, ашгийг өгч байдаг бизнес байдаг.

b. Од бизнес буюу зах зээл нь тасралтгүй өсч байдаг ба компанийн энэ зах зээл дээрх бизнес дагаад өсч байдаг.

c. Question mark буюу асуултын тэмдэг нь ихэвчлэн шинээр эхлэх гэж байгаа цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй, тодорхой хөрөнгө оруулалт шаардлагатай ба үүнийг шийдчихвэл цаашаа өргөжин хөгжих боломжтой бизнесүүдийг хэлдэг.

d. Нохой бизнес. Энэ бизнесээс компанийн захирал гарах эсвэл хаах шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй болдог.

Эдгээр багцын шинжилгээг хийснээр группын хэмжээнд багцаа эрүүл байлгах компаниа цаашид өсгөх, ямар бизнест хөрөнгө оруулалт хийх, ямар бизнесээ өргөжүүлэх тэлэх, ямар бизнесээ саалийн үнээ болгон авч явах зэрэг стратегийн шийдвэр гаргалтуудыг хих нь чухал байдаг.

  1. Манай үйлчлүүлэгчид ирээдүйд юу хүсэх вэ? Ойрын болон дунд хугацаанд үйлчлүүлэгч нар юу хүсэх талаар судлах хэрэгтэй.

  2. Өрсөлдөгч байгууллагуудаа судлах. Зарим байгууллагууд өрсөлдөгч байхгүй гэдэг. Гэхдээ үйлчлүүлэгчид нь тэднийг сонгохгүй үед өөр ямар байгууллагыг сонгох боломжтой талаар боломжит өрсөлдөгч бий болох талаар сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь: Би банкны салбарт ажиллаж байсан. Энэ үед банкны салбарынхан фэйсбүүк гэж том сошиал, платформ өрсөлдөгч гарч ирнэ гэдгийг төсөөлөөгүй явж байгаа байх. Гэвч энэ нь дэлхийн харилцааны том талбар болж байгаа ба брэндийн үнэ цэнээрээ далхийд эхний 5-д багтаж байгаа. Фэйсбүүкийн зүгээс үйлчлүүлэгч нартаа зориулан ххорондын мөнгөний шилжүүлэг хийх талаар ярилцаж байгаа нь ирээдүйд банкны салбарын өрсөлдөгч болох боломжтой болж байна. Ирээдүйд бид зөвхөн банк, өөр нэг банктай, сүүний үйлдвэр, өөр нэг сүүний үйлдвэр гэх мэт ижил төстэй салбартайгаа харьцуулах биш шинэ өрсөлдөгч хаанаас гарч ирэх талаар харах нь чухал болж байна. Тэгэхээр өрсөлдөөн зөвхөн салбар хоорондоо бус өөр салбаруудаас гэнэтийн тэсрэлт орчин үед ихээр гарч ирч байгааг бизнесийнхэн ойлгож харах хэрэгтэй.

  3. Stakeholders буюу оролцогч талуудын шинжилгээ. Бизнесээ тогтвортойгоор авч явахад оролцогч талуудын үүрэг чухал. Ялангуяа тодорхой салбарууд болох уул уурхай, барилгын салбар зэрэг маш олон оролцогч талуудын тусламжтайгаар үйл ажиллагаа нь явж байдаг. Уул уурхай бизнес дээр гэхэд нутгийн иргэдтэй харилцан ойлголцож байж бизнес нь явах жишээтэй. Хэрвээ тухайн орон нутгийн иргэдтэй харилцан ойлголцож чадахгүй бол нийгмийн лиценз гэх зүйл олгогдохгүй бөгөөд үүний үр дүнд бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явагдахад хүндрэлтэй. Уул уурхайн салбартай төстэй барилгын салбарт ч гэсэн асуудлууд байдаг талаар бид мэднэ. Жишээ нь: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой айл өрхүүд газраа чөлөөлөх хэрэгтэй болдог ба хэрвээ ганц, хоёр айл газраа чөлөөлөхгүй байгаа зэрэг асуудал үүсдэг. Аливаа бизнес гэдэг зөвхөн өөрийн дотоод тогтолцооноос гадна гадаад хүчин зүйлс, оролцогч талууд маш их болж байгааг бизнесийнхэн мэдэж байгаа байх.

Стратегич сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд 5, 10 жилийн дараа хаана хүрэхээ харсан бол үүнийхээ дагуу өөрсдийн нөөц, боломж ажилчидаа чиглүүлэн хөгжүүлэх ёстой. Маш олон компанийн захирлууд хэрхэн чадалтай, чадвартай ажилчдыг хаанаас олж авах вэ? гэж их асуудаг. Хаанаас олоход төвлөрөх биш одоо байгаа ажилчдаа хэрхэн сургаж хөгжүүлвэл 5,10 жилийн дараах компанид нийцэж ажиллах боломжтой вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй. Энэ бүгдээс харахад компанийн захирал, удирдагч нар стратеги төлөвлөгөөг хийхээс өмнөх алхам бол стратегич сэтгэлгээг хөгжүүлэх нь чухал бөгөөд стратегич сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд :

Ямар бизнест хүч сорих вэ?Одоо алдагдалтай ажиллаж байгаа бизнесийнхээ аль салбарыг нь хаах вэ? зэрэг стратегийн шийдвэрүүдийг гаргах нь чухал юм.